top of page

Сарын тэмдгийн мөчлөгөө ойлгож нуугдмал сэтгэл зүйн хүч чадлаа нээгээрэй

Охид, бүсгүйчүүдэд: Сарын тэмдэг маань бидэнд гайхалтай эрч хүч, нууцлаг супер чадварыг өгдөг гэдгийг та мэдэх үү? Сарын аль үед нь аль талын хүч чадал маань нээгддэг тухай энэхүү нийтлэлээс уншаарай.

Эрчүүдэд: Эмэгтэй хүнийг ойлгох хэцүү гэж та боддог уу? Таныг хүрээлэн буй эмэгтэйчүүдийн сэтгэл санаа, эрч хүч, ааш занд сарын тэмдэг нь хэрхэн нөлөөлдөг тухай ойлговол тэднийг та илүү дээр ойлгох болно.



Энэхүү нийтлэл нь "In the FLO: Unlock Your Hormonal Advantage and Revolutionize Your Life" ба "Moody: The Hidden Power of Hormones" гэсэн номуудыг ашиглан бичигдсэн нийтлэл болно.


Эмэгтэйчүүд бидний сарын тэмдгийн мөчлөг (menstrual cycle) нь 4 үе шатаас бүрддэг. Үе шатуудын шинжлэх ухаанч нэр томьёо нь ойлгоход, цээжлэхэд хэцүү учраас "Moody" номын ашигласан хялбар бөгөөд сэтгэл санаатай уялдсан нэр томьёог энд ашиглалаа. Эдгээр 4 шат нь сарын тэмдэг ирэх үе (menstrual phase), сэргэлтийн үе (follicular phase), шилжилтийн үе (ovulatory to luteal phase), удаашралын үе (luteal phase) гэх 4 шатыг дамжин явдаг байна. Үе шатууд бүр дээр биед олон төрлийн даавар/гормонууд ялгарч, сэтгэл санаа эрч хүчинд маань нөлөөлж байдаг.


сарын тэмдэг ба эмэгтэйчүүдийн сэтгэл зүй

1. Сарын тэмдэг ирэх үе | Menstrual phase

(3-7 өдөр)

Улиралтай адилтгавал: Өвөл

Даавар: Estrogen, Progesterone бага байх ч Estrogen сүүлдээ ялгарч эхэлнэ.

Эрч хүч: Бага

Сэтгэл санаа: Мэдрэг, удаан, төвлөрсөн

Супер хүч чадал: Мэдрэмж зөн совин өндөр, бусдыг илүү сайн мэдэрч ойлгох, энэрэх чадвар өндөр. Задлан шинжлэх, анализ хийх чадвар өндөр болно.


Сарын тэмдэг ирэх үед бидний эрч хүч сул, харин торгон мэдрэмж өндөр буюу мэдрэг болдог. Бие өөрөө өөрийгөө цэвэрлэж, хэрэггүй болсон зүйлсээ гадагшлуулж, ирэх шинэ циклдээ бэлдэн өөрийгөө шинэчилж, цэнэглэж буй үе шат юм. Эрч хүч энерги удааширсан энэ үед яг л өвөл амьтад ичээндээ орж, амарч, нам гүм байдаг шиг бид бас биологийн цагийнхаа дагуу амрах, удаашрах, тунгаан бодох, өнгөрсөн сар жилээ жишин эргэцүүлэх, ирэх сар өдрүүддээ бэлдэх үе юм.


Мэдрэг байдлын сайн муу талыг мэдэж ашиглаарай: Тархины өвдөлтийн мэдрэмжийг хүлээн авч, боловсруулдаг хэсэгт өөрчлөлт орж, илүү өвдөлт зовуурьт мэдрэг болдог гэсэн судалгаанууд байдаг байна. Тийм учир биеийн хүнд дасгал хөдөлгөөн хийхийн оронд оюун сэтгэлийн дасгал илүү хийхэд тохиромжтой, жишээ нь бясалгал хийх, ном унших, дотоод сэтгэл рүүгээ өнгийх, бичих тэмдэглэх, journalling хийх буюу бодол мэдрэмжээ цаасан дээр уудлах, өөрийн сэтгэлийг анагаах ойлгох сэтгэл засал хийх гэж оролдох гэх мэт. Өөрийгөө хэт хүчилж үр бүтээлтэй ажиллахыг оролдохын оронд мэдрэг аналитик болсон тархиа ашиглан өнгөрсөн сараа шинжлэн дүгнэх, өнгөрсөн төслөөсөө алдаа оноо, сургамжаа олж ирэх сар өдрүүдээ төлөвлөх, шинэ төслийнхөө төлөвлөгөөг гаргах гэх мэт оюун бодлын ажлыг өөрийгөө шахалгүйгээр хийхэд тохиромжтой.


Хайр халамж, ойр дотно байдлыг энэ шатанд илүү үгүйлж, өндөр хэрэгцээтэй байх учир ойр дотнын хүндээ энэ тухайгаа хэлж хайр халамжийг хүртээрэй, өөртөө хүртэхийг зөвшөөрөөрэй.


2. Сэргэлтийн үе | Follicular phase

(7-10 өдөр)

Улиралтай адилтгавал: Хавар

Даавар: Follicle-stimulating hormone (FSL), Gonadotropin-releasing hormone (GnRH), Luteinising hormone (LH), Estrogen дааврын ялгарал ихэснэ

Эрч хүч: Нэмэгдэнэ, яриа хөөрөө ихэснэ, өөртөө итгэх итгэл өснө

Сэтгэл санаа: Илүү эерэг, өөдрөг, сэтгэл ханамжтай, урам зоригтой

Супер хүч чадал: Ой санамж, анхаарал төвлөрөл илүү хурц, эрсдэл даах чадвартай, зоригтой, бүтээлч сэтгэлгээ өндөр


Сэргэлтийн үе гэх нэр шигээ эрч хүч, эерэг мэдрэмжийг төрүүлэгч Estrogen дааврын ялгарал ихсэж сарын тэмдэг ирэх үе шатын удаашрал уналтаас сэргэх үе юм. Мөн FSL, GnRH гэх өндгөн эс боловсролыг өдөөгч дааврууд ялгарч эхэлснээр таны арьс, үс, үнэр гээд гадаад үзэмж өнгөө нэмэхээс гадна илүү өөртөө итгэлтэй, дуу шуу ихсэж ирдэг байна. Яг л хавар цэцэгс дэлгэрч, амьтад илүү идэвхтэй болдог шиг бидний сэтгэл санаа илүү гэгээтэй, эрч хүчтэй, тэмүүлэлтэй, урам зориг бадарч эхэлнэ.


Энэхүү 7-10 хоног бүхий үе бол таны сарын хамгийн бүтээмж өндөр, эерэг өдрүүд байх учир хамгийн чухал ажлуудаа энд төлөвлөх хэрэгтэй. Ой санамж, анхаарал төвлөрөлт бусад үеэс илүү сайн байх учир шинэ мэдлэг мэдээлэл, ур чадварт суралцах, асуудлын шийдлийг тунгаан бодож хайхад шамдахад тохиромжтой үе. Мөн өвдөлт зовуурь, эрсдэлд тэсвэртэй, өөртөө итгэлтэй үе учир зориг шаардсан хүнд зүйлүүдийг энэ үед хийх нь илүү тохиромжтой, жишээ нь хийхээс айж байсан, шийдэхээс зайлсхийж байсан шийдвэрээ зориглон гаргаж хийх ёстой зүйлээ хийх, захиралтайгаа эсвэл ярихаас айж зайлсхийж байсан хүнтэйгээ чухал зүйлээ бэлдэж байгаад ярих, хамгийн хэцүү дасгалуудаа хийх, шинэ хобби эхлүүлэх, шинэ хүмүүстэй уулзах гэх мэт.


Ой санамж, анхаарал төвлөрөлт илүү сайн байгаа энэ үеийн нэг сөрөг нөлөө нь илүү нэг зүйлээ удаанаар хэтрүүлэн бодох (overthinking), бүтээлч сэтгэлгээ эрч хүч өндөр байгаагаас үүдэн хэтрүүлэн хий бодох (overanalysing), эрч хүч ундран гарснаас үүдэн нойр хүрэхгүй байх, унтсан ч үе үе сэрвэгэнэж сэрээд байх сөрөг талтай. Тиймээс энэ үед оройдоо өөрийгөө тайвшруулах зүйлсийг хийгээрэй. Жишээ нь бясалгах, гүнзгий амьсгаа авах, амьсгал дээрээ төвлөрөх, эсвэл их зүйл бодоод байвал бодож буй бүх зүйлсээ цаасан дээр гаргаж бичиж гаргавал тайвширдаг тал бий.


3. Шилжилтийн үе | Ovulatory to luteal phase

(7-9 өдөр)

Улиралтай адилтгавал: Зун

Даавар: Estrogen дааврын ялгарал дээд цэгтээ хүрэх үед LH даавар огцом маш ихээр ялгарч өндөг өнгөвчнөөс гадагшилж овуляци явагдана. Testosterone овуляцийн үе хавьд ялгарна. Progesterone овуляцийн дараа удаанаар ялгарч эхэлнэ.

Эрч хүч: Оргил цэгтээ хүрч төгсгөлийн хэдэн өдөр буурч эхэлнэ

Сэтгэл санаа: Хамгийн тааламжтай, эерэг, өөртөө итгэлтэй үедээ хүрч буурч эхэлнэ

Супер хүч чадал: Ой санамж, анхаарал төвлөрөл илүү хурц, эрсдэл даах чадвартай, зоригтой, бүтээлч сэтгэлгээ өндөр


Энэ үеийг шилжилтийн үе гэж нэрлэх болсон шалтгаан нь овуляци (өндгөн эс өндгөвчнөөс ялгарах үйл явц) явагдахаас өмнө Estrogen маш ихээр ялгарч байснаа овуляци явагдсаны дараа огцом буурч, Progesterone аажмаар ялгарч Estrogen-ыг орлож нэг даавраас нөгөө дааварлуу шилжиж буй үе юм.


Сэтгэл санааны хувьд Estrogen дааврын ялгарал оргил цэгтээ хүрч буй энэ үед бид хамгийн хамгийн өөдрөг, сайхан мэдрэмжээр дүүрэн, өөртөө итгэлтэй, сэтгэлийн хаттай байдаг. Мөн Testosterone овуляцийн үе хавьд таны дотор ялгарч эхэлдэг ба энэ нь таны сексийн дур хүслийг нэмэгдүүлж, илүү шийдэмгий зоримог болоход нөлөөлдөг. Мөчлөгийн тань энэ үе бол яг л зуны улирал шиг хамгийн гоё, өнгөлөг, эрч хүчтэй, дуу шуугаар дүүрсэн өдрүүд байдаг. Тиймээс энэ өдрүүдэд хамгийн их өөртөө итгэх итгэл, зориг шаардсан зүйлүүдийг хийх нь сайн үр дүн авчрах магадлалтай. Жишээ нь, шинэ ажлын ярилцлагуудад орох, presentation танилцуулах, шинэ хүмүүстэй уулзах/болзох, хойш тавьдаг хэцүү ажлаа гардан авч хийх гэх мэт. (Хэрэв та мөчлөгийнхөө энэ үед огт өөдрөг, сайхан мэдрэмж мэдрэхгүй, ердийнхөөс илүү сөрөг, түгшсэн мэдрэмж давамгайлан мэдрээд байвал таны Estrogen дааврын тэнцвэрт байдал алдагдсан байх магадлалтай гэж ном дээр бичсэн байсан шүү.)


Овуляци явагдсаны дараа харин Estrogen даавар Progesterone даавраар солигдоно. Progesterone ялгарч эхлэх үед сэтгэл санааны таатай байдал маань аажмаар буурч, эрч хүч бага багаар суларч, өөртөө итгэлтэй extravert байдал бага багаар introvert болон хувирдаг (шилждэг).


4. Удаашралын үе | Luteal phase

(10-14 өдөр)


Улиралтай адилтгавал: Намар

Даавар: LH, FSH, Estrogen дааврууд багасаж Progesterone ялгарал аажмаар ихсэн оргил цэгтээ хүрнэ. Сүүлд Estrogen бага зэрэг ялгарч эхэлнэ.

Эрч хүч: Бага

Сэтгэл санаа: Доогуур, илүү сөрөг мэдрэмжүүд, санаа зовнил сэтгэл түгшил их, тэвчээр болон анхаарал төвлөрөл багассанаас үүдэн амархан бухимдах талдаа

Супер хүч чадал: Бараг л байхгүй. Гэхдээ илүү сөрөг харах өнцөгтэй байгаагаа сайн талаас нь харвал бидний шүүмжлэлт сэтгэхүй өндөрссөн байх учир аливаа зүйлийн алдаа дутагдлыг сайн олох давуу талтай :)


Яг л намар нар багасаж, навчис шарлаж, сэрүү ордог шиг бидний бие сарын тэмдэг ирэх үедээ (өвөлдөө) бэлддэг. Удаашралын үе гэх нэр шигээ энэхүү 10-14 хоногт Progesterone даавар улам ихээр ялгарах тусам таны эрч хүч улам багасаж, удааширч, сэтгэл санаа ч бага зэрэг доогуур байдаг хамгийн хэцүү өдөр хоногууд болдог.


Сэтгэл санааны хувьд хамгийн доогуур байх магадлалтай энэ өдрүүдэд өөрийгөө тийм ч их шахаж, хатуурхалгүйгээр өөрийгөө аль болох хайрлаж халамжлах, биеийн болон сэтгэлийн эрүүл мэндээ дэмжих ихээхэн шаардлагатай. Жишээ нь хийх зүйлсээ жижиг жижиг болгон хувааж жагсааж бичин, хийснийгээ дарж, үүнээсээ амжилтын мэдрэмжээ авах; амармаар байгаа үедээ сайн амрах, дуртай номоо унших, дуртай дуугаа сонсож дуулах эсвэл бүжиглэх, иог бясалгал хийх гэх мэт сэтгэл санааг тань өргөж магадгүй зүйлсээ хийгээрэй. Мөн өөртөө аль болох аз жаргалын таатай мэдрэмж төрүүлдэг даавруудаа ялгаруулах зүйлсийг хийгээрэй. Энэ тухай миний бичсэн нийтлэлийг эндээс уншиж болно.


Илүү сөрөг мэдрэмжүүд давамгайлж, санаа зовнил сэтгэл түгшил их байдаг учир энэ үед хосдоо эсвэл найздаа гомдох, хүндээр хүлээж авах, уурлах гээд байдаг. Үүнийгээ хосдоо урьдчилан хэлээд, гомдол, маргаанд хүргэж болзошгүй хүнд/чухал сэдвүүдийг хөндөлгүй, хөндсөн ч Progestrone даавраасаа болоод ердийнхөөс эмзэг сөрөг байгаагаа өөртөө (болон хосдоо) сануулж хөнгөн гэгээлэг сэдвүүд, зүйлүүдийг хийх нь тохиромжтой байж магадгүй юм. Жишээ нь инээдмийн кино, хошиг шог үзэх, найз нөхөдтэйгөө тоглох, инээж хөөрөх. Эсвэл бүр тултал нь "эмо"-рч дотор төрж буй бодол, мэдрэмжүүдээ цаасан дээр уудлан бичиж, өөрийн сэтгэлийн гүнтэй илүү танилцаж, өөрийн (амьдралын) юуг өөрчлөх, сайжруулах хэрэгтэй вэ гэдгээ тунгаан бодох боломж олгож ч болох юм. Ганцаараа үүнийг хийхэд хэцүү байвал мэргэжлийн сэтгэл зүйчтэй цаг аван ярилцаж, ямар асуудал, санаа зовнил таны дотор байна вэ, үүнд туслахын тулд юу хийж болохыг хамтдаа олж болно.


Эцэст нь...


Хүн бүрийн бие физиологи, сэтгэл санаа өөр өөр байж болно... Сарын тэмдгийн мөчлөгийн үе шатууд дахь олон төрлийн дааврын ялгарал болон үүнээс үүдэх сэтгэл санааны өөрчлөлт нь хүн бүрд өөр өөр байж болно. Бүх эмэгтэйчүүдэд дээр дурдсан шиг шинж тэмдэг илрэхгүй байж болно. Дээрх нийтлэл бол өдийг хүртэл хийгдсэн байгаа цөөн хэдэн судалгаа, ном дээр үндэслэн бичигдсэн учир цаашдаа энэ тухай судалгаанууд илүү их хийгдэж байж сарын тэмдэг сэтгэл санаа хоёрын холбоог илүү сайн ойлгох боломж олдох буй.


Сэтгэл санаа болон дааврын тэнцвэрт байдалд сарын тэмдгийн мөчлөгөөс гадна стресс, хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэг хүчин зүйлүүд мөн нөлөөлдөг гэдгийг санах нь зүйтэй. Хэрэв та сарын тэмдгийн мөчлөгийн үеэр сэтгэл санаа хэвийнээс хэт их савлах, ажил болон харилцаануудад тань нөлөөлөхүйц хурц сэтгэл санааны өөрчлөлтийг мэдэрвэл сэтгэл зүйч болон эрүүл мэндийн мэргэжилтэнтэй (өрхийн эмч, эмэгтэйчүүдийн эмчтэй) ярилцах нь тустай байж болох юм.


129 views

1 Comment


Guest
Jun 04, 2023

Thank you. Look forward to reading more :).

Like
bottom of page